Төв цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотын баруун урд зүгт байрладаг ба ахуйн, үйлдвэрийн бохир усыг цэвэрлэдэг. Бохир усыг хоёр коллектороор (төвийн, өмнөдийн) хүлээн авч дамжуулан цэвэрлэсний дараа Туул голд нийлүүлдэг.
Цэвэрлэх байгууламжийг хэд хэдэн үе шаттайгаар өргөтгөн сайжруулсаар ирсэн. Лаг исгэх байгууламж болон тогтворжуулах цөөрмийг бүхлээр нь болон хэсэгчилэн 1980-аад оны сүүлээр барьсан боловч ашиглалтад оруулаагүй.
Лаг боловсруулах үйл ажиллагаа нь цэвэрлэх байгууламжийн хамгийн хүндрэлтэй хэсэг гэж тооцогдож ирсэн бөгөөд 2009 онд лаг пресслэгчийг суурилуулсан.
Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд нөлөөлөх олон хүчин зүйл байгаагийн нэг нь арьс ширний үйлдвэрээс гарсан бохир усыг цэвэрлэх зориулалттай урьдчилан цэвэрлэх байгууламжаас ирэх бохир усны бохирдлын хэмжээ юм. Урьдчилан цэвэрлэх байгууламжийг нүүлгэн шилжүүлэх хугацаа хараахан шийдэгдээгүй тул шинэ цэвэрлэх байгууламжийг барихдаа ахуйн бохир усыг цэвэрлэхээс гадна үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх боломжтой байхаар төлөвлөх шаардлагатай болж байна.
Үйлдвэрийн бохир усны тоо хэмжээ буурах ч одоо хэрэгжиж буй гэр хорооллыг хөгжүүлэх төслүүдийн үр дүнд ахуйн бохир усны тоо хэмжээ нэмэгдэнэ гэж тооцсон. Нэмэгдэж буй ахуйн бохир усны зарим хэсгийг жижиг шинэ байгууламжуудад цэвэрлэж, үлдсэн хэсгийг шинэ Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлнэ.