“Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь эмчилгээний онцгой ач холбогдолтой Аварга Тосон нуурыг сэргээх ажил”-ын хайгуул судалгаа, ажлын зураг төслийг МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг, Усны газрын захиалгаар “Престиж Инженеринг” компани, туслан гүйцэтгэгч Шинжлэх ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэн болон 20 орчим зөвлөх мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 4-р сараас эхлэн боловсруулав. Аварга тосон нуур нь Улаанбаатар хотоос 232 км, Чингис хотоос 124 км, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс 6 км-т далайн төвшнөөс дээш 1300 м өндөрт орших бөгөөд Аваргын голын дэд сав газрыг хамаарна. Аварга тосон нуурын усыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр 1950-аад оноос эхлэн судалж ирсэн бөгөөд 1971 оноос нуурын усны физик, химийн шинж чанар, хийн найрлага, биологийн идэвхт бүрдлүүдийг тодорхойлсны үр дүнд эмчилгээний шавартай эрдэст нуурын анги, төрлийг тогтоож, эмчилгээний заалтыг гарган рашаан сувилалд нэвтрүүлсэн байдаг. Амрагч, эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд Аварга тосон нуурын усны түвшин мэдэгдэхүйц багасаж, бохирдлын хэмжээ нэмэгдэж, эмчилгээний чанараа алдахад ойрхон болоод байна. 1970 оноос хойш хийсэн судалгааны хэмжилтүүдээс үзэхэд 2022 оны байдлаар Аварга нуурын усны эзлэхүүн (60%-иар) буурсан байна. Үүнд дэлхийн цаг уурын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаа нөлөөлж байгааг энэхүү төслийн судалгааны ажлын үр дүнгээс харж болно. Төслийн судалгааны ажлын үр дүнг үндэслэн Аварга тосон нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, нуурын байгалийн унаган төрхийг сэргээх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор багц ажлууд хийгдэж байна. Төслийг амжилттай хэрэгжүүлснээр нуур, нуурын эрэг орчмын бүс нь тодорхой хэмжээнд сэргээгдэж, нуурын ус байгалийн усны эргэлтээрээ өөрөө цэвэрших боломж бүрдэж, нөхөн сэргээгдэж, улмаар сэргээгдсэн экосистем нь биологийн олон янз байдлыг хадгалах, усны чанарыг хадгалах зэрэг маш чухал байгаль хамгаалах үүрэгтэйгээс гадна энэхүү гайхамшигт байгалийн баялагийг эмчилгээ сувилгаандаа урт удаан хугацаанд ашиглах боломжтой бөгөөд эмчилгээний аялал жуулчлалыг байгалийн болон түүхийн аялал жуулчлалтай хослуулан байгаль экологид ээлтэй байдлаар хөгжүүлснээр орон нутгийн өнөөгийн болоод ирээдүйн нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулах юм.